КАНАДЫН ЛИБЕРАЛ НАМ ДАРГАА СОНГОВ

Энэ 5 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд Ванкувер хотноо чуулсан Канадын Либерал намын Их хурал дээр Майкл Игнатиев намын даргаар сонгогдов. М.Игнатиев өнгөрсөн оны 12 дугаар сард Либерал намын дарга С.Дионыг огцорсноос хойш намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж ирэв. Тэрбээр анх 2006 онд Канадын Парламентад сонгогдсон бөгөөд 2008 онд дахин сонгогдсон юм.
 
М.Игнатиев түүхч, зохиолч, сэтгүүлч хүн бөгөөд Канадын улс төрд орохоосоо өмнө 30 орчим жил Англи, Америкт аж төрж, Кембриж, Оксфорд, Харвардын Их сургуулиудад ажиллаж байсан байна.
 
М.Игнатиев 1947 оны 5 дугаар сарын 12-нд Торонто хотод төрсөн бөгөөд Орос гаралтай Канадын дипломатч Жорж Игнатиевийн хүү, II Николай хааны үеийн Оросын Боловсролын сайд байсан, Гүн Павел Игнатиевын ач хүү аж. П.Игнатиев большевикуудаас зугтааж чадсан Николай хааны үеийн цөөн сайд нарын нэг байжээ.
 
2008 оны 10 дугаар сарын 14-нд болсон Канадын парламентын 40 дэх удаагийн сонгуулиас хойш тус улсын улс төрийн байдал ээдрээтэй нөхцөлд явж ирэв. Учир нь 308 суудалтай Нийтийн Танхимд эрх баригч Консерватив нам -144 суудал буюу 37 хувийн санал авсан ч олонхи болж чадалгүй дахин цөөнхийн Засгийн газар байгуулан ажиллаж байна.
 
Шинээр бий болсон Парламентыг үйл ажиллагаагаа эхэлмэгц нь сөрөг хүчний намууд нэгдэн шинээр байгуулагдсан Засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураах, улмаар сонгуульд 77 суудал авсан Либерал нам, 37 суудал авсан Шинэ ардчилсан намтай эвсэж, 48 суудал бүхий Кэбекийн Блок намын дэмжлэгтэйгээр Засгийн газар байгуулах зарчмын тохиролцоо хийж байсан ч ажил хэрэг болоогүй юм. Ерөнхий сайд Амбан Захирагчтай зөвшилцөж парламентын үйл ажиллагааг 2008 оны 12 дугаар сараас 2009 оны 1 дүгээр сарын 26 хүртэл зогсоох шийдвэр гаргаж байсан.  
 
Парламент дахь хамгийн том сөрөг хүчний нам даргаа сонгомогцоо сонгууль зарлах талаар яриа гарч байсан боловч “Канадчууд сонгууль хийх сонирхолгүй байна. Тиймээс манай нам Парламентыг идэвхтэй ажиллуулах талаар чармайж ажиллана. Гэвч сонгуульд үргэлж бэлэн байх болно гээд намын удирдах хүмүүстээ сонгуулийн мөрийн хөтөлбөрөө санхүүгийн тооцооны хамт 6 дугаар сар гэхэд бэлэн болгох үүрэг өгсөн гэж хэвлэлийн бага хуралд дээр мэдэгдлээ.
 
Канадын одоогийн нөхцөл байдлыг авч үзвэл сонгууль зарлах нь цаг хугацаа хувьд боломжгүй болоод байна. Тухайлбал, ирэх 6 дугаар сар гэхэд сонгууль зарлахгүй бол 2010 онд болох Ванкуверийн өвлийн олимпийн дараа сонгууль зарлах анхны боломж гарч ирнэ.  
 
Өнгөрсөн удаагийн сонгуулийн ирц 58,3 хувь байсан нь Канадын сонгуулийн түүхэнд гарч байгаагүй бага үзүүлэлт юм байна. Ирц ийм доогуур байгаа нь сонгогчид улс төрөөс залхсаныг харуулж байна гэж шинжээчид дүгнэж байв. Мөн дэлхийн эдийн засгийн байдал тогтворгүй, хямралт байдал үүсээд байгаа энэ цаг үед ойр ойрхон сонгууль хийхэд сонгогчид идэвхгүй хандаж байгаа бололтой.
 
 
Нөгөө талаар одоогийн Засгийн газрыг огцруулахад сөрөг хүчний намууд нэгдэх учиртай. Гэвч Кэбэкийн Блок, Шинэ ардчилсан намууд ойрын үед сонгууль хийх бодолгүй байна. 
 
-oOo-