ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай Канадад айлчилж байна

Канад Улсад айлчлалаар ирсэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай  Канадын Экспортыг дэмжих байгууллагын Санхүүгийн нөөцийн асуудал эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Карл Маркоттай уулзаж, хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Сайд Т.Бадамжунай Монгол, Канадын хамтын ажиллагааны тэргүүлэх салбаруудад хөдөө аж ахуйзүй ёсоор орж байгааг тэмдэглээд хоёр орныхудалдааг нэмэгдүүлэх, ялангуяа худалдааны нэр төрлийг олшруулахад Канадын экспортыг дэмжих байгууллагын дэмжлэг чухал гэдгийг онцлон дурдав.
 
Уулзалтын үеэр Сайд Т.Бадамжунай, Дэд Ерөнхийлөгч Карл Маркот нар хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү Санамж бичиг нь  Монгол, Канадын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжихэд тус дөхөм үзүүлэх, хоёр байгууллагын хоорондын харилцааг үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн тохиролцоо байгуулах эрх зүйн үндсийг тавьж байгаагаараа ач холбогдолтой юм.  
 
Экспортыг дэмжих байгууллага Канадын экспортлогчдыг дэмжих үүднээс богино, дунд хугацааны зээл, санхүүжилтийн баталгааг гаргадаг аж.  
 
Мөн өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Канадын олон улсын худалдааны сайд Стоквел Дейтэй уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцов. Сайд нар Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгааг тэмдэглэв. Сайд Т.Бадамжунай хоёр орны цаг агаар, газар орны ижил төстэй байдал нь манай хоёр орны хөдөө, аж ахуйн салбарт хамтран ажиллахад таатай боломж болохыг онцолж, хөдөө аж ахуйн технологи, тоног төхөөрөмж өндөр хөгжсөн, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх ихээхэн туршлагатай Канад Улстай хамтран ажиллах сонирхол их байгааг тэмдэглэлээ.   
 
Энэ 6 дугаар сарын 16-нд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Канадын Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн сайд Герри Рицтэй уулзлаа. 
 
Сайд Т.Бадамжунай өөрийг нь Канадад айлчлахыг урьж, Канадын албаны болон ажил хэргийн түншүүдтэйгээ уулзаж хоёр орны хооронд хүнс, хөдөө аж ахуйн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх, Канадын газар тариалан, мал аж ахуйн салбарын туршлага, менежмент, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн техник, технологитой танилцах боломж олгосонд Герри Рицэд талархал илэрхийлэв.
 
Тэрбээр газар тариалан, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдаж, тухайлбал, мах, сүүний эрчимжсэн аж ахуй, хүнсний үйлдвэрлэл болон жижиг дунд үйлдвэрийн салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх, ХАА-н техник, технологи авч нутагшуулах, эдгээрийг эрх зүйн баримт бичгээр баталгаажуулах, Канадад Монголын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтэн нарыг сургах зэрэг асуудлаар хоёр талын холбогдох хүмүүстэй ярилцаж тохиролцож байгааг тэмдэглэв. 
 
Мөн Канадаас амьд мал, үхрийн хөлдөөсөн үр, мах, махан бүтээгдэхүүн Монгол Улсад оруулж ирэхэд шаардлагатай малын эрүүл мэнд, хорио цээрийн сертификатуудыг баталсан нь энэ чиглэлээр Монголд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг эхлүүлэх, өргөжүүлэх боломжийг бүрдүүлж байгааг тэмдэглэв.
Түүнчлэн “Атрын гурав дахь аян” хөтөлбөр, дотоодын мах, сүүг үйлдвэрийн аргаар боловсруулах зэрэг тулгамдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд хоёр орны салбар хоорондын хамтын ажиллагаа ихээхэн чухал юм гэв. Дөч гаруй сая малтай манай улсын хувьд мах, сүүгээр дотоодынхоо хэрэгцээг хангадаг боловч махны 10 хүрэхгүй, сүүний 5 хүрэхгүй хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж байгаа нь хүнсний аюулгүй байдлыг хангахад хүндрэл учруулж байна гээд энэ салбар дахь Канадын техник технологийг нэвтрүүлэх, нутагшуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
 
Ноён Герри Риц Сайд Т.Бадамжунай тэргүүлэх төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, салбар хоорондын хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ гэв. Тэрбээр хэдэн жилийн өмнөөс эхлэлтэй ХАА-н салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн чухлыг тэмдэглэн хамтын ажиллагааны Санамж бичгээ шинэчлэн тохирох санал дэвшүүлэв. Герри Риц уулзалтын дараа “Канадын фермэрүүд, экспортлогчид Монголд шинэ зах зээлтэй болох боломжтой боллоо. Өнөөдрийн бидний ярьсан зүйл манай хоёр орны харилцаанд гарч буй чухал үйл явдал бөгөөд ХАА-н салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, экспортыг өсгөх боломжийг олгож байна” гэж мэдэгдэв. 
 
ХХААХҮ-ийн сайд тэргүүтэй төлөөлөгчид Канадын Саскатчеван мужид айлчлалаа үргэлжлүүлж байна.