ЭСЯ-наас нутаг нэгтнүүдтэйгээ уулзлаа

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Д.Готов энэ 6 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Торонто хотноо болсон “Люминато” урлагийн наадамд оролцсон Монгол, Канадын хамтарсан “Тооно” хамтлагийн тоглолтын нээлтэд оролцов. Монгол үндэсний урлаг, ёс заншлыг сурталчилсан “Тооно” хамтлагийн тоглолтыг 1800 орчим хүн үзэж сонирхов. 10 хоног үргэлжлэх “Люминато” наадам нь Канадын Засгийн газар, урлагийн зөвлөлүүдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагддаг бөгөөд нийт 60 гаруй орны хамтлаг, жүжигчид тоглолт, бүтээлээ толилуулдаг урлагийн томоохон наадам юм. Уг наадмыг өнгөрсөн жилд 1 сая гаруй үзэгч үзэж сонирхсон байна. Элчин сайд Канадын талын зохион байгуулагч “Редскай” байгууллагын захирал хатагтай Сандра Ларондтой уулзаж энэхүү тоглолтыг зохион байгуулсанд талархал илэрхийлж цаашид монголын урлагийг Канадад сурталчлан таниулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн Элчин сайд Д.Готов “Тооно” хамтлагийн уртын дууч Түвшинжаргал, Бат-Орших, Батмэнд нартай уулзаж монгол урлаг соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд нь амжилт хүсэв.
 
***                    ***                    ***
    
Элчин сайд Д.Готов 6 дугаар сарын 7-ны өдөр Онтарио муж дахь Монголчуудын Холбооноос зохион байгуулсан спортын арга хэмжээнд оролцов. Спортын тэмцээний өмнө Торонто хотод оршин сууж буй монголчуудтай уулзалт, ярилцлага зохион байгуулж тэдний сонирхсон асуултад хариулав. Энэ үеэр иргэддээ консулын үйлчилгээ үзүүлсэн нь тэдний талархлыг хүлээлээ. Торонто хотноо оршин суугаа монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээнд Энхдорж ахлагчтай баг түрүүлэв. Элчин сайд Д.Готов энэхүү спортын тэмцээн цаашид олон хотыг хамарсан томоохон арга хэмжээг улам өргөжүүлэхийг хүсч, цаашид Монголчуудын Холбооноос зохион байгуулж буй аливаа үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлээд энэ удаагийн спортын тэмцээний аварга багт “Элчин Сайдын Яамны нэрэмжит шилжин явах цом”-ыг гардуулав.