Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Д.Готов энэ оны 6 дугаар сарын 21-ний өдөр Монтреал хот дахь Монголчуудын Холбооноос Ангриньон паркад зохион байгуулсан сурталчилгааны арга хэмжээнд оролцов. Энэхүү арга хэмжээний үеэр монгол гэр барьж, монгол ахуйг сурталчилсан үзмэрүүдийг дэлгэн үзүүлж, паркад цугларагсдад монгол дуу, бүжиг зэрэг урлагийн үзүүлбэрүүд толилуулсан нь олны сонирхлыг татаж байлаа. Эл сурталчилгааны арга хэмжээнээс цуглуулсан мөнгийг Монгол дахь өнчин хүүхдийн “Лотус” асрамжийн газар хандивлах аж.
Элчин сайд Д.Готов арга хэмжээг нээсний дараа иргэдтэй уулзаж тэдний сонирхсон асуултад хариулж, монгол ахуй соёлоо сурталчилсан, олныг хамарсан, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх арга хэмжээ зохион байгуулж байгаад нь талархаж, цаашид Монреал дахь Монголчуудын холбооноос зохион байгуулах аливаа үйл ажиллагааг дэмжихээ илэрхийллээ.