Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Дүгэржавын Готовыг бүрмөсөн буцахтай холбогдуулан Канадын Гадаад хэрэг, олон улсын худалдааны Департаментын Парламентын нарийн бичгийн дарга ноён Дипак Обрай албан ёсны үдэлтийн зоог барилаа.
Дипак Обрай Канад-Монголын харилцааны өнөөгийн байдлын талаар товч үг хэлж, харилцаа хамтын ажиллагаа жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг тэмдэглээд, энэ үйлсэд Элчин сайдтай хамтран ажиллаж ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр манай хоёр улсын хамтын ажиллагаа ийнхүү өргөжиж байгаа нь Канад Улс Монгол Улсын гуравдагч хөршүүдийн тоонд багтахад түлхэц болж байгааг онцлон тэмдэглэв.
Элчин сайд Д.Готов түүнийг ийнхүү хүндэтгэн үдэж байгаад, Элчин сайдаар ажиллах хугацаанд Канадын Засгийн газрын зүгээс байнга дэмжин, хамтран ажиллаж ирсэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр түүний Элчин сайдаар ажилласан 4 жилийн хугацаанд хоёр орны хооронд томоохон үйл явдлууд болсныг тухайлбал, Канад Улс Монгол Улсад ЭСЯ-аа нээж, байнга суух анхны Элчин сайдаа томилсон, хоёр улсын парламентын Спикерүүд харилцан айлчилсан, худалдаа, ХАА-н сайд нар харилцан айлчилсан, манай хоёр орны Засгийн газар хоорондын харилцааны гол суваг болсон Дугуй ширээний уулзалт 2 удаа зохион байгуулагдсан зэргийг онцлон дурдав.
Түүнчлэн саяхан гарын үсэг зурсан Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө оролцогч талууд, Засгийн газрууд бүх талын анхаарал тавьж ажиллах учиртайг тэмдэглэлээ.
Зоогт ГХОУХД-ын Ази, Африкийн асуудал эрхэлсэн Туслах дэд сайд Кен Санкүист, Хойд Азийн Товчооны Захирал Филип Кальверт, Канадын цэргийн тусламжийн хөтөлбөрийн Захирал Эндрю Расиулис, Канадын Сенатын гишүүн, Канад-Монголын Найрамдлыг бүлгийн дарга Жосеф Дей нарын өндөр албаны хүмүүс болон СИДА, Канадын цөмийн эрчим хүчний агентлаг, Олон улсын хамтын ажиллагаа, судалгааны төвийн удирдах албан тушаалтнууд оролцов.
*** *** ***
Мөн Канад-Монголын Найрамдлын бүлгийн дарга, Сенатч Жосеф Дей Элчин сайд Д.Готовыг бүрмөсөн буцахтай холбогдуулан Канадын Сенатын Танхимд хүлээн авалт зохион байгуулав. Хүлээн авалтад Сенатын Спикер Ноёл Кинселла, Төлөөлөгчдийн Танхимын Спикер Питр Миликен, Канадын Ерөнхий сайд асан Жан Кретьен болон Канад- Монголын Найрамдлын бүлгийн гишүүд зэрэг 50 шахам хүн оролцлоо.
Сенатч Ж.Дэй хэлсэн үгэндээ, 4 жилийн өмнө Монголд айлчилж байсан тухайгаа дурсч, Канад-Монголын харилцаа, хамтын ажиллагаа улс төрийн хүрээнд төдийгүй эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд Монгол Улс дахь ардчилсан өөрчлөлт, үйл явцыг бат бэх, тогтвортой хөгжүүлэхэд цаашид ч тусалж дэмжихийг нөхөддөө уриалав.

Элчин сайд хариу үг хэлж, хамтран ажиллаж ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэв.
ЭСЯ-наас хүлээн авалтын Танхимд Монголын аж байдал, байгалийн сэдэвт гэрэл зургийн самбар байрлуулж сонирхуулав.
-оОо-