Канадын Олон улсын худалдааны сайд С.Дейтэй уулзав
Сайд Д.Зоригт Канадын Олон улсын худалдааны сайд С.Дейтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар Канадтай нягт харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгааг дурдаж, манай хоёр орны газар зүйн болоод геополитикийн орчин, цаг уур, байгалийн арвин их нөөц баялаг, ардчилсан засаглалтай зэрэг ижил төстэй байдал нь хамтын ажиллагаанд эерэгээр нөлөөлөх чухал олон хүчин зүйлүүд гэдгийг тэмдэглэв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр үг хэлэхдээ Канадын хөгжлийн загвар, туршлага, стандартаас суралцах зүйл их байгааг цохон тэмдэглэсэн нь дээрхтэй холбоотой юм гээд энэ удаагийнхаа айлчлалаар Канадын холбогдох яамд, байгуулагын удирдлагатай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлцээ хийж байгаа тухай ярилаа.
Мөн Монгол оронд ардчилсан өөрчлөлт шинэчлэл эхэлснээс хойш 20 жил болж байгааг тэмдэглэж, ардчилсан тогтолцоог улам бүр бэхжүүлэн ирэх он жилүүдэд ардчиллыг нийгмийн амьдралын эд эс болгон хэвшүүлэхийн төлөө ажиллаж байна гэв. Тэрбээр Монгол Улс юуны өмнө төрийн албаны тогтолцоогоо шинэчилж, нээлттэй, ил тод, үр ашигтай тогтолцоонд шилжих зорилт тавьж байна гээд ийм чадварлаг төрийн алба бол ардчиллын ноён нуруу байх ёстой гэж үзэж байгаа гэж ярив. Ардчиллыг хөгжүүлж ирсэн олон арван жилийн туршлагатай Канадаас суралцах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Сайд Д.Зоригт Канадын зам, барилга, орон сууц, байгаль орчныг хамгаалах, үнэлгээ хийх стандартуудын талаар гүнзгийрүүлэн судалж, Монголд нэвтрүүлэх сонирхлоо нотолж, энэ чиглэлд Канадын олон улсын хамтын ажиллагааны Агентлагтай нягт хамтран ажиллах боломжийг хайж ажиллах эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв. Түүнчлэн хоёр орны худалдааг либералчлах, түүний дотор чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, энэ нь Канадын компанитай байгуулсан олон зуун сая долларын өртөг бүхий Оюу Толгойн хөрөнгө оруулалтын Хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэх, эдүгээ яриа хэлцээний хийж буй Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах Хэлэлцээрийг байгуулах, цаашилбал хоёр орны худалдааг нэмэгдүүлэхэд ач холбогдлоо өгнө гэж итгэж байна гэв.
Канадын олон улсын худалдааны сайд Канад Улс Монгол Улсад ЭСЯ-аа нээж, Канадын хувийн хэвшлийн тоо, төлөөлөл Монголд нэмэгдэж байгаад сэтгэл хангалуун байна гээд хоёр орны худалдаа сүүлийн 5 жилд 60 дахин өссөнийг цохон тэмдэглэж, энэ нь худалдааг либералчлах, цаашилбал чөлөөт худалдааны хэлэлцээрийн тухай яриа хэлцээг эхлүүлэхэд чухал үзүүлэлт болохыг дурдаж, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр тавьсан асуудлуудыг Засгийн газрын холбогдох яамдын сайд нарт өөрөө уламжилж, дэмжлэг авахын төлөө ажиллахаа илэрхийлэв.
Парламентын гишүүн Дипак Обрай оройн зоог барив
Сайд Д.Зоригт тэргүүтэй төлөөлөгчдөд Канадын Гадаад хэргийн сайдын Парламентын нарийн бичгийн дарга, Парламентын гишүүн Дипак Обрай оройн зоог барив. Дипак Обрай Канад-Монголын харилцаа хамтын ажиллагаа жилээс жилд өсөн нэмэгдэж байгаад сэтгэл ханамжтай байгааг тэмдэглэж, Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт шинэчлэлийг Канад Улс анхнаас нь дэмжиж ирсэн гээд саяхан ардчиллын 20 жилийн ойгоо тэмдэглэсэн явдалд баяр хүргэв. Сайд Д.Зоригт Канадад хийж буй айлчлалынхаа талаар товч танилцуулж, түүний уулзсан яам, газруудын удирлагууд Монголтой хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотолж, тавьсан санал, хөндөж ярьсан аливаа асуудалд нааштай хандаж байгаад хангалуун байна гээд түүний айлчлалыг зохион байгуулахад Гадаад хэрэг, олон улсын худалдааны Департамент, Улаанбаатарт суугаа Канадын ЭСЯ-наас анхаарч, манай талтай хамтран ажилласанд талархал илэрхийлэв.
Туршлага судалж, мэдээлэл солилцов
1 дүгээр сарын 14-ний өдөр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт тэргүүтэй төлөөлөгчид Канадын Байгалийн нөөцийн департаментаас зохион байгуулсан семинарт оролцов. Семинарын үеэр канадын тал өөрийн улсын уул уурхай, ашигт малтмалын бодлого, хөрөнгө оруулалт, татварын орчин, газрын хэвлийн судалгаа шинжилгээний дүн, аргачлал, ураны салбар дахь бодлого, түүнтэй холбоотой хууль эрх зүйн байдлын тухай, гадаад оронд, ялангуяа хөгжиж буй орнуудад үйл ажиллагаа явуулж буй Канадын уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагын чиглэлээр явуулж авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, манай төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулав.
Канадын уул уурхайн үйлдвэрлэл олон зуун жилийн түүхтэй. Өдгөө Канадын эдийн засгийн томоохон хэсгийн бүрдүүлж байна. Зарим тоо баримтаас дурдвал, 2008 онд уул уурхайн орлого 40 тэрбум доллар болсноос 9 тэрбумыг олборлолтоос, 31 тэрбумыг үйлдвэрлэлээс олжээ. Уул уурхрайн бүтээгдэхүүн канадын нийт экспортын 19 хувийг бүрдүүлдэг бөгөөд 5000 гаруй уул уурхайн компанид 351 мянган хүн ажилласан байна. Канадын уул уурхайн бодлого нь компаниудын хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих, байгаль орчныг нөхөн сэргээх, орон нутгийн хүн амын нийгэм, эдийн засгийн байдлыг дээшлүүлэх, тэдэнтэй яриа хэлцээ хийж, гэрээ байгуулах зэрэг асуудлыг цогцоор нь авч үзэж, амжилттай хэрэгжиж байгаа юм байна.
Канадын Засгийн газар олон улсын хэмжээнд ажиллаж буй Канадын олборлох компаниудын нийгмийн хариуцлагыг дэмжих Стратегийг гаргаж ажиллаж байна. Энэ Стратегийн хүрээнд хөгжиж буй оронд ажиллаж байгаа Канадын олборлох компаниудыг сайн дурын үндсэн дээр нийгмийн хариуцлагын чиглэлээр санаачлага гаргах, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стратеги, арга барилыг мөрдөж ажиллахад нь дэмжлэг үзүүлэх, хөгжиж буй орнуудын эрдэс баялаг, газрын тос, байгалийн хий ашиглах чадавхийг бэхжүүлэх, эдгээрээс олсон орлогыг ядуурлыг бууруулахад ашиглах санаачлагыг дэмжих, улмаар бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа аж.
Стратегийг хэрэгжүүлснээр нэг талаас олборлох салбарын хууль тогтоомж, хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа нь нийгмийн чиглэлтэй, хүрээлэн буй орчинд таатай, хүний эрхийг хамгаалсан, тухайн орны болон орон нутгийн ард иргэд, үйлдвэрийн тогтвортой хөгжлийг дэмжсэн, нөгөө талаас хөгжиж буй орнууд нөөцийг зохистой ашиглах, ил тод байх, хариуцлагатай байж, олборлох салбарын зүгээс ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулаад зогсохгүй, Канадын компаниудын ажиллаж буй орнуудад хариуцлагатай үйл ажиллагаа явуулах бизнес хөрөнгө оруулалтын таатай орчин бий болгох зэрэг ач холбогдолтой юм.
Сенатор Мак Харбтай уулзав
Сайд Д.Зоригт 2010 оны 1 дүгээр сарын 12-нд Канадын Сенатын гишүүн Мак Харбтай уулзаж ярилцлаа. Сайд Д.Зоригт улс орныхоо улс төр, эдийн засаг, нийгмийн байдлын талаар товч танилцуулж, Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нөөц боломжийг бодитой ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байгааг онцлов. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын УИХ-ын чуулган дээр хэлсэн үгэндээ Канадын хөгжлийн туршлагаас суралцах, ялангуяа тус улсын техникийн болоод үйл ажиллагааны стандарт, технологи, тоног төхөөрөмжийг Монгол Улсад нэвтрүүлэх, авч ашиглах талаар дурдсаныг тэмдэглэв. Сайдын айлчлалын зорилго нь Канадтай дурдсан чиглэлээр хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлж, айлын талын холбогдох яамд, байгууллагуудын удирдлагатай уулзаж ярилцахад оршиж байгаа юм.
Тэрбээр Монгол, Канад хоёр газар зүйн болоод геополитикийн байршлаараа төстэй байгаа нь хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж буй чухал хүчин зүйл болохыг онцлон тэмдэглэв. Мөн Монгол Улс ардчилсан өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлснээс хойш 20 жил өнгөрч байна гээд ардчиллыг тогтолцооны хувьд эргэлт буцалтгүй болсныг тэмдэглэж түүнийг үйл явцын хувьд ч төлөвшүүлэхийн төлөө ажиллаж, Канад зэрэг орны туршлагаас суралцах чин хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Сайд Д.Зоригт Канад Улс Монголын уул уурхайн салбар дахь хамгийн том хөрөнгө оруулагч бөгөөд өнгөрсөн оны сүүлээр Канадын Айванхоу Майнз, Австралийн Рио Тинто кампаниудтай Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсаныг мэдээлж, цаашид компанудын үйл ажиллагааг хөнгөвчлөхийн тулд хоёр орны хооронд худалдааг либералчлах, ялангуяа хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаар холбогдох хүмүүст ярих бодолтой яваа гэж ярилаа.
Сенатор Мак Харб Монгол Улсын түүх, соёлыг сонирхдог, манай улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийг дэмждэг гээд завшаан гарвал Монголын жишээг дурдаж ярьдаг гэдгээ хэлж байв. Тэрбээр Канадын парламентын гишүүн байхдаа худалдааны асуудал эрхэлсэн Парламентын хорооны дарга байснаа дурдаж тэр үед Перу, Колумби зэрэг оронтой чөлөөт худалдааны хэлэлцээр хийх үйл явцыг эхлүүлж байсан гээд Монголтой ийм хэлэлцээр байгуулах саналыг зүйтэй гэдгийг тэмдэглэж байв.
Тэрбээр Канадын Парламент дахь Канад, Монголын найрамдлын бүлгийн гишүүн юм. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Канадын бүлгийн гишүүн Ж.Энхбаяр, Элчин сайд Т.Залаа-Уул, албаны бусад хүн байлцав.
Төр, хувийн хэвшлийнхний түншлэлийн асуудлаар ярилцав
Мөн өдөр Сайд Д.Зоригт Канадын төр, хувийн хэвшлийн түншлэлийг Корпорацийн Гүйцэтгэх захирал Жон МакБрайдтай уулзаж ярилцлаа. Тэрбээр Монгол Улсад төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлагыг харгалзан Парламентаар хуулийн төсөл хэлэлцэж байгааг мэдээлж, энэ талаар Канад зэрэг орны туршлагаас суралцах, мэдээлэл хуваалцах, цаашилбал хамтран ажиллах боломжийн талаар ярилцах сонирхолтойгоо илэрхийлэв.
Жон МакБрайд Канадад ТХХТ-ийг хэрхэн хэрэгжүүлж байгаа болон түүний ач холбогдлын талаар дэлгэрэнгүй ярив. Тухайлбал, түүний толгойлж буй корпораци хэдийгээр Засгийн газрын байгууллага ч гэсэн Удирдах Зөвлөлд нь хувийн хэвшлийн төлөөлөл зонхилдог тул түншлэлийг жинхэнэ утгаар хэрэгжүүлэх, шийдвэр гаргахад эерэгээр нөлөөлдөг гэж ярив. Мөн төрийн оролцоотой дэд бүтцийг барьж байгуулахад хувийн хэвшлийг татан оролцуулах хөшүүрэг хэрэгтэй тул Засгийн газар санхүүжилтийн эх үүсвэрээ шийдсэн байх учиртайг бодолцох хэрэгтэйг сануулав. Канадын хувьд энэ Корпорацийн удирдлагыг Сангийн сайд нь томилж, байгууллага үйл ажиллагаагаа Сангийн яамандаа илтгэдэг юм байна.
Канад Улс төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж ирсэн олон жилийн туршлагатай бөгөөд 2008 оны эхээр “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн корпораци” /PPP Canada Inc./ хэмээх Холбооны улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах Засгийн газрын байгууллагыг байгуулжээ. Корпорацийн гол зорилго нь Засгийн газрын зүгээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, ийм хамтын ажиллагааны зах зээлийг хөгжүүлэх, төрийн харъяаны дэд бүтцийг барьж байгуулахад хувийн хэвшлийн туршлага, технологи, хөрөнгийг татах, төслийг сонгох, хэрэгжүүлэхэд зөвлөх, үнэлгээ хийхэд оршиж байна. Засгийн газар нь тус корпорацийн мэдэлд 1,2 тэрбум канад долларын санхүүжилт олгожээ.
Канадын төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барилга, нийтийн тээвэр, хурдны зам, орон нутгийн зам, богино төмөр зам, ус, эрчим хүчний хүрээлэн буй орчинд халгүй дэд бүтэц, байгалийн гамшгаас сэргийлэх дэд бүтэц /далан гм/, хуурай хог хаягдал зайлуулах төхөөрөмж, бүс нутгийн болон орон нутгийн онгоцны буудал барьж байгуулах, өргөтгөх төслүүд зонхилох юм байна. Аливаа төслийн Засгийн газраас олгох санхүүуилт нь түүний нийт өртгийн 25 хувиас хэтрэхгүй байх зарчимтай ч санхүүжилтийн хэмжээ, олгох хэлбэр, нөхцөл нь тухайн төслийн хэрэгцээ, онцлогоос мөн хамаарч өөр өөр байх аж.
Канадын Төрийн албаны Академийнхантай уулзав
Канадын Төрийн албаны Академийн Ерөнхийлөгчийн Үүрэг гүйцэтгэгч Жеймс Меддинзтэй уулзав. Сайд Д.Зоригт Монгол Улс өмнөх улс төр, эдийн засгийн тогтолцоогоо өөрчилж, ардчилсан өөрчлөлт шинэчлэлт хийж, зах зээлийн эдийн засаг руу шилжих үйл явц эхэлснээс хойш 20 жил болж байна гээд энэ хугацаанд олсон амжилт, ардчилсан институцийг бэхжүүлэх олон хүчин зүйлийн нэг нь төрийн албаны тогтолцоог цаг үеийн шалгуур даахуйц болгон өөрчлөн төлөвшүүлэх явдал юм гэдгийг тэмдэглэв. Ингэж өөрчлөх шаардлага юуны өмнө төр засгийн байгууллагын үйл ажиллагаа удаан, чирэгдэлтэй, зарим тохиолдолд авилгатай холбоотой шүүмжлэл гардагтай холбоотой. Үүнийг арилгахын тулд манай улс олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, амжилттай туршигдсан стандартыг өөрийн болгож авах, тухайлбал, төрийн албанд гавъяа зүтгэлийн буюу меритократ тогтолцооны зарчмыг хэрэгжүүлэхийг зорьж байна гээд энэ талаар Канадын туршлагаас хуваалцах, суралцах, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Ноён Ж.Меддинз Сайдын ярьсныг анхааран сонсч, Канадаас суралцах хүсэл эрмэлзлээ илэрхийлсэнд талархаад хамтран ажиллах боломжийг хайж ажиллана гэв.
*** *** ***
Төлөөлөгчид 1 дүгээр сарын 14-15-нд Торонто хотноо Онтарио мужийн Хойд бүсийн хөгжил, ашигт малтмал,ойжуулалтын департаментын Дэд сайд Дэвид Линдсэй, тус Департаментын сайдын Мужийн Парламент дахь төлөөлөгч бөгөөд Онтарио мужийн Парламентын/Legislative Assembly/ гишүүн Майкел Браун нартай уулзаж ярилцав. Мөн сайд Д.Зоригт Монголд хөрөнгө оруулагч Канадын компанийг төлөөлөгчдийн зохион байгуулсан Дугуй ширээний уулзалтад оролцож, Торонтогийн Хөрөнгийн бирж, Онтарио мужийн Үнэт цаасны хороо, Канадын уул уурхайн тоног төхөөрөмж, үйлчилгээг экспортлох Ассоциаци, Уул уурхайн Ассоциацид тус тус зочилж, удирдлагуудтай нь уулзлаа.
--оОо--