УИХ-ЫН ГИШҮҮД ТАНИЛЦАХ АЯЛАЛД ОРОЛЦОВ
УИХ-ын гишүүн, Парламент дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр болон зарим яамны ажилтнууд 2009 оны 1 дүгээр сарын 11-20-ны өдрүүдэд Канад Улсын Оттава, Торонто, Эдмонтон, Ванкувер хотуудад уул уурхайн танилцах аялал хийв.
Төлөөлөгчдөд Канадын Байгалийн нөөцийн департамент, Гадаад хэрэг, олон улсын худалдааны департаментын албаныхан Канадын уул уурхай, ашигт малтмалын бодлого, олборлолт, боловсруулалтын технологи болон үйл ажиллагааныхаа талаар танилцуулав. Энэ үеэр Канадын Байгалийн нөөцийн департаментын Дэд сайд Лукас төлөөлөгчдийг хүндэтгэн үдийн зоог барив.
Уул уурхайн танилцах аялалын төлөөлөгчид Торонто хотноо Онтарио мужийн Хойд бүсийн хөгжил, ашигт малтмал, ойжуулалтын департаментад зочилж, тус мужийн уул уурхай, газар төлөвлөлтийн зохицуулалтын журмын талаар туршлага судлан, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Манай төлөөлөгчид ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын ажлын айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалтад оролцож Монголын эдийн засаг, нийгэм, уул уурхайн хууль тогтоомж, хөрөнгө оруулалтын орчны талаар дэлгэрэнгүй танилцуулж хөрөнгө оруулагчдын сонирхсон асуултад хариулав.
Төлөөлөгчдөд Алберта мужийн Сан хөмрөг, эрсдэлийн зохицуулалт, санхүү, хувийн хэвшлийн асуудал эрхэлсэн Туслах дэд сайд Род Матесон ашигт малтмалын сангийнхаа үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, манай улсад дээрх сантай ижил төрлийн сан байгуулах үйл явцад дэмжлэг үзүүлж, туршлагаасаа хуваалцахаа илэрхийлэв. Түүнчлэн манай төлөөлөгчид Хойд Албертагийн Технологийн Институтийн Ерөнхийлөгч Сем Шоу болон Алберта мужийн Их сургуулийн төлөөлөгчидтэй уулзаж монгол залуусыг дээрх сургуулиудад сургах боломжийн талаар санал солилцов.
УИХын гишүүд болон зарим яамдын ажилтнуудын Канад Улсад хийж буй уул уурхайн танилцах аялалын төлөөлөгчид Ванкувер хотноо зохион байгуулсан Бритиш Колумб мужийн уул уурхайн чуулга уулзалтад оролцож өөрийн орны уул уурхайн салбарын хөгжлийн талаар танилцуулав. Түүнчлэн Бритиш Колумбийн Их сургуулийн Ази судлалын институтэд зочиллоо.
--оОо--