Мэндчилгээ

Канад оронд сурч, хөдөлмөрлөж, аж төрж буй нутаг нэгт Монголчууд Та бүхнийхээ амар амгаланг эрэх ялдамд удахгүй тохиох Монгол, Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн мэндийг дэвшүүлж байна.  
 
Монгол, Канад улсууд 1973 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон билээ. Монгол Улс ардчилал, зах зээлийн замыг сонгож, нээлттэй гадаад бодлого явуулж эхэлсэн 1990-ээд оноос хойш манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг дурдахад таатай байна. Канад Улс манай оронд өрнөж эхэлсэн өөрчлөлт шинэчлэлийг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн орнуудын нэг. Улмаар талууд өргөн хүрээнд түншилж, нягт хамтран ажиллахаа өндөр дээд хэмжээнд харилцан нотолсон билээ. Эдүгээ Канад манай улсад хөрөнгө оруулагч орнуудын хоёрдугаарт Хятадын дараа орж байна. Канадын оруулсан 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт бараг бүхэлдээ уул уурхайн салбарт ногдож байгааг та бүхэн мэдэж байгаа биз ээ. Манай хоёр орны худалдааны эргэлт 2007 онд 190 орчим сая ам.долларт хүрсэн. Худалдаанд мөн л уул уурхайн бүтээгдэхүүн зонхилж байна.
 
Монгол Улс Канадтай “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөх, хэмжээ далайцыг нэмэгдүүлэхийг зорьж ажиллаж байна. Энэ зорилгоор монголын экспортын барааны нэр төрлийг олшруулах, уул уурхайгаас гадна бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх (хөдөө аж ахуй, барилга, аялал жуулчлал, хүрээлэн буй орчны салбар гэх мэт),  соёл, боловсролын хамтын ажиллагаа, хүмүүс хоорондын харилцааг нэмэгдүүлэх, Канадын шинжлэх ухаан, технологийн ололтоос суралцах, нэвтрүүлэх зэрэг ажлыг эн тэргүүнд тавьж байгаа бөгөөд зарим нааштай эхлэлүүд ч бий болоод байна.
 
Аливаа харилцааны эхлэл суурь, эрх зүйн үндсийг төр засаг тавьж, тэдгээрийг цаашид харилцан ашигтай, тогтвортой хөгжүүлэхэд хувийн хэвшлийнхэн, хувь хүн, иргэдийн хүч чармайлт, оновчтой санал, идэвх санаачлага нэн чухал билээ. Канадтай дээр дурдсан салбар чиглэлд хамтын ажиллагаа хөгжүүлэх арга замыг баяжуулах, цар хүрээг тэлэх талаар өөрийн улсын Засгийн газрын зүгээс тавьж буй хүч чармайлтыг дэмжиж энэ улсын усыг ууж, ёсыг дагаж ирсэн хүний хувиар, монгол хүний хувиар санаж бодож явдаг зүйлээ сэтгэл харамгүй хуваалцахыг Та бүхнээс хүсэх байна. Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд дэлхийн эх орон нэгт Монголчууддаа хандаж, Монгол орноо хөгжүүлэхэд хүн бүр оролцоорой гэснийг тодхон санаж буй биз ээ. Канад дахь Монголчууд энэ уриалгад аль хэдийн нэгдсэн гэж итгэж байна. Монгол, Канадын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах чин хүсэл тань эх орны маань хөгжилд хэрэгтэй. Далайд дусал нэмэр гэдэг билээ. Бидний зүгээс та бүхний санаа оноог нэгтгэн, эргэн холбоо барьж, төр засгийн түвшинд уламжлах арга хэмжээ зохион байгуулж ажиллах болно.
 
Монгол, Канад хоёр орон өргөн уудам нутагтай, байгалийн баялаг арвинтай, цаг агаарын нөхцөл байдал нь ижил төстэй. Бидний эрхэлдэг аж ахуйд ч төстэй зүйл бий. Газар зүйн байрлалын хувьд ч мөн хоёул том гүрнүүдтэй хил залгаа оршдог. Эдгээрийг бие биеэ харилцан нөхсөн түншийн харилцаа хөгжүүлэх, хоёр орны ард түмний хоорондын халуун дулаан уур амьсгалыг өөгшүүлэн дэмжих чухал хүчин зүйлс гэж үздэг. Үүнд тулгуурлан хамтын ажиллагааг өргөтгөн гүнзгийрүүлэхэд өмнө хэлсэнчлэн та бүхний санал санаачлага чухал билээ. Манай хоёр орон газар зүйн хувьд биесээсээ алс орших ч даяаршил, харилцаа холбоо, мэдээллийн технологийн ачаар ойртон ажиллах боломж бүрдэж байна. 
 
Та бүхний иргэний бичиг баримт бүрэн байна уу, хүчинтэй байна уу, энэ газар төрсөн Монгол хүү, охиноо журмын дагуу бүртгүүлсэн үү? Энэ бүхнийг дор бүрнээ шалгаж ЭСЯ-ндаа хандаарай. Мөн хоёрдмол харъяалал, сонгуульд оролцох боломж зэрэг гадаадад аж төрж яваа иргэн бүрийн тээж явдаг асуудлаар санал бодлоо илэрхийлж байх нь зүйтэй.  
 
Та бүхний маань бие эрүүл, ухаан саруул, ажил үйлс тань өөдрөг байхын ерөөл дэвшүүлье.  
 
Бидэнд хандсан санал бодлоо ЭСЯ-ны [email protected] эсвэл миний [email protected] хаягаар ирүүлээрэй.
 
 
Элчин сайд Д.Готов