Хоёр орны харилцааны тухайд

Монгол-Канадын харилцааны өнөөгийн байдал:
 
Канадад албаны болон энгийн хүмүүстэй уулзахад ярианы далимд Улаанбаатар, Оттава хоёрын аль нь хүйтэн бэ? гэсэн асуултыг хамгийн элбэг тавьдаг. Энэ нь бидний хооронд нийтлэг зүйл байгааг илтгэж байгаа хэрэг. Манай монголчууд шиг цаг агаарын тухай ярьж эхлэх, ярих дуртай байх жишээтэй.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 онд Канад Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр тал “Өргөн хүрээтэй түншлэлийн” харилцаа хөгжүүлэхээр тохирсон. Үүний дагуу хамтын ажиллагааны салбараа өргөтгөх, цар хэмжээ далайцыг нь нэмэгдүүлэхэд голлон анхаарч ажиллаж байна. Хоёр орны хооронд улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах, соёл боловсролын чиглэлээрх харилцаа өргөжиж байна.
 
Манай хоёр орны хооронд ижил төстэй зүйл нэлээд бий. Газар нутаг уудам. Байгалийн баялаг арвинтай. Цаг уурын нөхцөл байдал ижил. Хоёулаа дэлхийн их гүрнүүдтэй хил залган оршдог төдийгүй тэдгээр нь хамгийн том зах зээлүүд. Нөгөө талаар хоёр улс даяаршлын нөлөөгөөр их гүрнүүдээс хэт хараат болчих вий гэсэн адилхан болгоомжлолтой байдаг мэт.
 
Энэ бүх хүчин зүйл бол хамтын ажиллагаа хөгжүүлэх, харилцан суралцах, хоёр орны ард түмний хоорондын харилцаанд халуун дулаан уур амьсгалыг гүнзгийрүүлэхэд эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй. Үүнд газрын хол нэг их саад болохгүй гэж боддог. Хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд улс орноо өргөн сурталчлах, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх явдал тун чухал байна. Монгол орон, монголчуудын талаар Канадад төдийлэн сайн мэдэхгүй байна.
 
Манай хоёр орны парламентын хамтын ажиллагаа их идэвхжиж байгаа. 2006 онд Канадын Парламентын Нийтийн танхимын спикер ноён П.Милликен Монгол Улсад айлчилсан. 2007 оны сүүлээр УИХ-ын дарга Д.Лүндээжанцан Канад Улсад айлчилсан. Парламентын Тамгын газруудын хооронд харилцаа тогтож, УИХ-ын тамгын газрын ажилтнуудаас Канадын парламентын туршлага судлах сургалтад хамрагддаг. 
 
Өргөн хүрээтэй түншлэлийн харилцаа:
 
Оновчтой хэд хэдэн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах л тухай асуудал. Одоогийн байдлаар хамтын ажиллагаанд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, худалдаа зонхилж байна. Түүний хажуугаар өөр ирээдүйтэй салбарууд, тухайлбал, барилга, аялал жуулчлал, соёл боловсрол, батлан хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаа өргөжиж байгаа. Барилгын салбарт канадын барилгын норм, үнэлгээ, стандартыг өөрийн нөхцөлд тохируулан авч хэрэглэх, манай англи хэлний багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, хөдөө аж ахуйн салбарт тэргүүний технологи нэвтрүүлэх, оюутан сургах ажил хийгдэж байгаа. 2007 онд манай их, дээд сургуулийн 30 гаруй багш Канадад англи хэлний мэргэжлээ дээшлүүлсэн.
 
Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа:
 
Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа хөрөнгө оруулалт, худалдааны салбарт илүү хурдацтай явж байна. Канад нь Монголд оруулж буй хөрөнгийн хэмжээгээрээ БНХАУ-ын дараа хоёрдугаарт орж, 1996 оноос хойшхи хугацаанд нийт 200 шахам сая ам. долларын хөрөнгө оруулсан бол Монгол-Канадын худалдаа 2007 онд 190 орчим сая ам. долларт хүрч тус улс манай улсын нийт бараа эргэлтэд 6,3 хувийг эзэлж байна.
 
Манай улс 2006 онд Канадын 15 гол импортлогч орны тоонд багтсан болохыг мөн энд хэлмээр байна. 
 
Худалдаа, эдийн засгийн харилцааны энэхүү түвшинг ахиулах, чанаржуулахад би Элчин сайдынхаа хувьд түлхүү анхаарч ажиллаж байна. Тодруулж хэлбэл, дээр дурдсан канадын хөрөнгө оруулалт бараг бүхэлдээ уул уурхайн салбарт ногдож байгаа юм. Энэ салбарт хөрөнгө оруулах явдлыг дэмжиж, дэлхийд томоохонд тооцогддог, Канадын нэр хүндтэй компаниудыг Монголд татахын зэрэгцээ уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулах явдлыг өргөжүүлэх нь чухал гэж боддог. 2005 оноос өмнө манай улсаас Канадад экспортолсон барааны дийлэнх хувь нь нэхмэл сүлжмэл, оёмол эдлэл байсан бол 2005 онд 99,5 хувь нь зөвхөн алт байв. Иймд Канадын зах зээлд нийлүүлэх барааны нэр төрлийг олшруулах нь тулгамдсан асуудал болоод байна.
 
Канад нь Монгол Улсыг 2003 оны 7 дугаар сараас эхлэн Хөнгөлөлтийн ерөнхий системдээ хамруулснаар алт, арьс шир, савхин эдлэл, хивс зэрэг барааг тус улсад экспортлоход тарифын хөнгөлөлт эдлэх нөхцөл бүрдсэн юм. Гэвч эдгээр бараагаар хязгаарлахгүйгээр тарифыг цаашид хөнгөлүүлэх, чөлөөлүүлэх боломж, арга замыг хайна.
 
Хоёр орны хоорондын харилцааг хөгжүүлэх эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэх, шинээр байгуулахад ч мөн чухал ач холбогдол өгч байгаа. “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулахаар хоёр тал ажиллаж байна. Мөн тодорхой салбарын яамд хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулахад ч дэмжлэг үзүүлж байна. 
 
Манай хоёр орон байгаль, цаг уурын нөхцөл адил, хүн ам сийрэг суурьшсан, хоёулаа том хөрштэй, эдийн засагт нь уул уурхай, хөдөө аж ахуй голлох үүрэгтэй зэрэг ижил төстэй байдалдаа тулгуурлан, өргөн хүрээтэй түншлэх боломж их бий. Ялангуяа, байгалийн нөөц баялгаа зохистой ашиглах, байгаль орчиндоо ээлтэй эдийн засгийг хөгжүүлэхэд Канадтай уул уурхай, барилга, зам тээвэр, аялал жуулчлалын салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь нэн ач холбогдолтой гэж боддог. Ер нь хөгжингүй орны томоохон компанийн хөрөнгө оруулалтыг татах нь улс орны эдийн засгийн хүч чадлыг сайжруулах төдийгүй, аюулгүй байдлын талаасаа ч чухал билээ.
 
Уул уурхайгаас бусад салбарын хамтын ажиллагаа:
 
Эрүүл мэнд, соёл, боловсролын салбарын харилцааны эхлэл тавигдаж байна. Жишээлэхэд, манай гэмтлийн эмнэлгийн мэс заслын эмч Б.Батзориг Оттава-д дадлага хийж байхдаа хүний өвдөгний үеийг металлаар орлуулах мэс засал хийх ажиллагааг өөрийн биеэр очиж үзсэн. Манай эмч тэр өдөр ийм 3 хагалгааг гардан хийсэн. Багаж хэрэгсэл, эм тариа нь байвал манай эмч нар хэнээс ч дутахгүй ур чадвар эзэмшиж ч чадаж байна. Энэ чиглэлээр төсөл боловсруулж хэрэгжүүлбэл настангууд хөл муудаж хол алхаж чадахаа байх аюулаас ангижирахад буян болж, олон хүн баярлах вий. Иймд багаж төхөөрөмжтэй болгох талаар Канадын сайхан сэтгэлт хүмүүст хандаж, боломжийг эрэлхийлж байна. Канадад хүйтрэхээс өмнө нийт иргэддээ ханиадны эсрэг вакцин үнэ төлбөргүй хийдэг тул ханиад томуу бага, туссан ч хөнгөн хүрдэг. Үүнийг манайд хэрэгжүүлмээр байгаа юм.
 
Соёлын харилцааны хувьд уртын дуучин Г.Хонгорзул Монтреал хотод концертоо тоглосон. Канадын телевизийн франц хэлний сувгаар концертыг хэд хэдэн удаа үзүүлсэн. Хүмүүс их л сонирхон хүлээн авч байсан. Англи хэлний цөөнгүй багш Канадад мэргэжил дээшлүүлсэн. Оттавад болдог орон сууцны үзэсгэлэнд монгол гэр барьж оролцдрг нэг компани бий. ЭСЯ тэдэнтэй хамтарч монголын ёс заншил, уламжлалын талаар сурталчилгаа зохион байгуулдаг болсон.
 
Их дээд сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө нэлээд анхаарч байна. Канадын 50 орчим компани нийтдээ 200 гаруй сая ам. долларын хөрөнгийг манайд оруулж, үйл ажиллагаагаа явуулж байгаагийн ихэнх нь уул уурхайн салбарынх. Канадын компаниуд манай хөрөнгө оруулалтын орчныг аль болох тодорхой, тогтвортой байгаасай гэдгийг л чухалчлан хүсдэг. Хөрөнгө оруулалтын хувьд харилцан ашигтай байх нь нэн чухал билээ. Геологи, уул уурхайн чиглэлээр тэргүүний технологитой Канадын их дээд сургуульд монголчуудаа сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх яриа хэлэлцээ хийж, нэлээд ахицтай байгаа. Энэ чиглэлээр Кингстон хотын Хатан хааны нэрэмжит Их сургуультай санамж бичиг байгууллаа. 
 
Мөн Саскатчеван, Торонто, Йорк, Сант Марийн их сургуулиудтай манай холбогдох их дээд сургуулийг холбож өгч хөдөө аж ахуй, археологи, усны менежмент, байгаль хамгаалах чиглэлээр хамтарч ажиллан, багш оюутан солилцож байна.
 
Саяхан канадын нэгэн профессор Монгол хэлний сурах бичиг гурван ботиор франц хэлээр бичиж хэвлүүлсэн нь Монгол хэл сонирхогч болон манайд зочилж, жуулчилж байгаа хүмүүст хэрэгтэй зүйл боллоо. Энэ нь бас Канадад Монгол судлалын суурийг тавьж буй үйл явдал гэж хэлж болох юм. 2007 онд Канадаас 1100 гаруй хүн Монголд зорчсон. Тэдний нэлээд нь франц хэлтэй мужаас аялал жуулчлалын зорилгоор зорчсон, энэ тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна. Хоёр орны хооронд аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд бид нэлээд анхаарч байгаа. Ирэх намар Монтреалд аялал жуулчлалын томоохон үзэсгэлэн гарна. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай компаниуд үүнд идэвхтэй оролцож, ялангуяа ирэх оны Бээжингийн олимпийн үеэр Хятадад очих хөгжөөн дэмжигчид, жуулчдаас тодорхой хэсгийг нь Монголд татмаар байна. Энэ бол их сайхан боломж доо.
 
Хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа өргөжих боломж нилээд бий. Тухайлбал, 1957 оноос хойш НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд тасралтгүй оролцож ихээхэн туршлага хуримтлуулсан Канад улстай энэ чиглэлээр хамтран ажиллах, тэднээс суралцах боломж их байна. 2005 оноос Канадын Цэргийн сургалтын тусламжийн хөтөлбөрт хамрагдаж, жил бүр 9-14 цэргийн албан хаагчийг англи хэл, цэргийн мэргэжил, энхийг сахиулахын чиглэлээр сургаж байна. 2008-2009 онд 29 цэргийн албан хаагч сургалтанд хамруулахаар тоог нь нэмэгдүүллээ. “Хааны эрэлд-2007” олон улсын энхийг сахиулахын хээрийн сургуульд Канадын цэргийн албан хаагчид оролцлоо. Энэ бүхэн нь хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхол байгааг илэрхийлж байна. Канадын батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаа нь НАТО, Энхийн төлөө түншлэл гээд Европ тал руугаа нэлээд хазайсан учраас манай улсын талаарх мэдлэг, мэдээлэл багатай. Иймд тэдний танин мэдэхүйг тэлж, манай улсын батлан хамгаалах салбарын зорилго, зорилт нь Канадынхтай адил төстэйг ойлгуулж, тэднээс энэ талаар дэмжлэг авах талаар идэвхтэй ажиллах хэрэгтэй байгаа.
 
Канадын уул уурхайн компаниудын үйл ажиллагаа, манай ашигт малтмалын хуулийн талаарх тэдний бодол:
 
Манай улсын ашигт малтмалын болон татварын хуулиудын нэмэлт өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг, явцыг Канадын Засгийн газар, бизнес эрхлэгчид анхааралтай ажиглаж байна. Энэ асуудлын нарийн ширийнийг тодруулахаар ЭСЯ-нд ханддаг. Бидний зүгээс Монгол Улсын Засгийн газар урьдын адил гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баримталж байгаа. Хөрөнгө оруулалтын орчинг илүү боловсронгуй болгох гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарыг ялгаварлахгүйгээр дэмжих, хөрөнгө оруулагч болон Монгол Улсад өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс эдгээр хуулиндаа зарим нэмэлт өөрчлөлт оруулж байна. Монгол Улс хууль ёсыг дээдэлдэг ардчилсан орны хувьд гадаадын хөрөнгө оруулалтын асуудлаар олон улсын өмнө хүлээсэн үүргээ чанд дагаж мөрдөх болно гэсэн хариуг өгдөг.
 
Манай Ашигт малтмалын болон татварын хуулиудад оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийн талаар канадчуудад тайлбарлан, ойлгуулахад нилээд цаг зарцуулах болов уу. Манай уул уурхайн салбарын ажилтан ажилчдыг Канадад сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх, Канадын уул уурхайчдын нийгэмлэгтэй хамтарч ажиллах боломжийг эрэлхийлэх болно.
 
Канад дахь монголчуудын талаар:
 
Бүрэн бус тооцоогоор Канадад 500 гаруй монголчууд байгаа гэсэн мэдээ бий. Тэдний олонхи нь Ванкувер, Торонто, Калгари, Монтреал зэрэг том хотод суудаг. Эднийх виз олгох, цагаач хүлээн авахдаа нэн хатуу. Энд байгаа монголчуудын 90 гаруй хувь нь албан ёсоор ажил эрхэлж, сурч байгаа хүмүүс. Цөөн тооны оюутан төслийн шугамаар юмуу хувиараа суралцаж байна. Энд ёс журмаар нь ирээгүй л бол ажил эрхлэх боломжгүй.
 
Канадын виз авахад анхаарах зарим зүйлийн талаар:
 
Монголчуудын виз авах үйл явцыг хөнгөвчлөх боломжийн талаар бид Канадын цагаачлалын албаны хүмүүстэй байнга уулзаж ярилцдаг. 2006 онд визний мэдүүлэг өгсөн монголчуудын 58 хувьд нь виз олгосон байна. Энэ тоог чамлахааргүй гэж айлын тал үздэг. Зарим орны хувьд үүнээс бага хувьтай байгаа аж. Бээжингээс манай улсыг хавсран суугаа ЭСЯ визийн өргөдлийн маягтаа монгол хэлээр бэлтгэсэн байгаа. Өргөдөл гаргагч бүх асуултыг үнэн зөв, гүйцэд бөглөхөд анхаарах хэрэгтэйг байнга сануулдаг. Мөн цөөн тохиолдол ч гэсэн албан ажлаар ирчихээд тэндээ үлдчих гээд байдаг нь бас бусдыгаа виз авахад сөргөөр нөлөөлөөд байгаа юм. Визийг хөнгөвчлөх талаар байнга анхаарч ажиллаж байна.