Сурмаар зүйл байна

Канадын туршлагаас
 
Канадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд сүүлийн үед бичигдэж, яригдаж буй болон бидэнд ажиглагдсан, манайд хэрэглэж, нэвтрүүлж болмоор зарим асуудлын талаарх мэдээлэл, саналыг үүгээр тоймлон хүргүүлж байна.
 
Мэдээллийг канадчуудад сонин хэвлэлээр хэрхэн түгээдэг талаар
 
Канадад олон төрлийн “шар” хэвлэл гэж байхгүй, харин түүний үүргийг байнга гардаг цөөн хэдэн сонин доторхи уншигчийн захидал гэсэн булангууд гүйцэтгэх нь түгээмэл юм. Оттава хотноо 7 хоногийн таван өдөр гардаг “Метро”, “24 цаг” /энэ нь англи, франц хэл дээр/ гэж гол хоёр сонинг хүмүүс энд тэндгүй тараан байрлуулсан хайрцагнаас үнэгүй авч уншин өөрийн хот, муж, улс болон дэлхий дахинд болж буй сүүлийн үеийн үйл явдлын товч мэдээлэл, тухайн өдрийн телевизийн хөтөлбөр, цаг агаарын байдал, элдэв зар сурталчилгаатай танилцана. Эдгээр сонинг хайрцагнаас гадна автобусны буудал зэрэг хүн олноор явдаг бусад газарт өглөөний 6.00-9.00 цагийн хооронд тусгай хүмүүс ажиллуулан гар дээрээс нь тараалгана. Ингээд хотынхоо бараг бүх хүмүүст сонингоо үдээс өмнө гэхэд хүргэж чадаж байна. Харин дэлгэрэнгүй мэдээ, бусад сэдвийг сонирхох хүн байвал хүссэн сонин хэвлэлээ захиалан авах, эсвэл мөнгөө төлөөд, заримыг нь үнэгүйгээр мөн гудамж, дэлгүүр, нийтийн үйлчилгээний бусад газруудад байрлуулсан тухайн сонингийнхоо хайрцагнаас авах боломжоор бүрэн хангагджээ.
 
Санал: Олон нийтийг үнэн бодит мэдээллээр шуурхай хангаж, хов жив зөөсөн, ард түмнийг дотор нь сөргөлдүүлэх, бутаргах чиглэлээр цацагдаж буй ач холбогдол багатай олон мэдээллээс холдуулан цаг, мөнгийг нь хэмнэх, хүмүүсийн мэдлэг, мэдээллийн хүрээг тэлж, сэтгэн бодох чадварыг дээшлүүлэхэд Канадын дээрх туршлагыг манайд нэвтрүүлбэл тун хэрэгтэй арга хэмжээ болно гэж үзэж байна. Гол гол сонин хэвлэлийг хайрцгаар түгээх явдлыг ч өргөжүүлмээр байна. Санхүүжилтийг сурталчилгаанаас олохоос гадна зарим хэсгийг нь тусгайлан төсвөөс гаргахад ч болмоор санагдана.
 
Халаадаг чийдэнг хална
 
Канад улс хорт хийн ялгаруулалтын өнөөгийн түвшингээ 2020 он гэхэд 20 хувиар буюу 150 сая тонноор багасгах зорилт тавиад байгаа билээ. Хүрээлэн буй орчинг хамгаалах ажлын хүрээнд Канадын Засгийн газар халаадаг чийдэнг /бидний нэрлэдэгээр улайсах гэрэл/ 2012 он гэхэд хэрэглээнээс гаргах бодлого баримталж байна. 19 дүгээр зууны том нээлтүүдийн нэг, 1880-аад оноос өргөнөөр хэрэглэх болсон гэрлээсээ илүү дулааныг ялгаруулдаг өнөөгийн чийдэнг Австрали, Канад, АНУ ойрын ирээдүйд халж, 2012 он гэхэд илүү үр ашиг бүхий шинэ гэрэлтүүлэг, тухайлбал, “өдрийн” болон гэрэл цацруулагч диод бүхий “цагаан” гэрэл /Lexel/- ээр солихоор зэхэж байна. Канадчуудын тооцоогоор энэ арга хэмжээ нь тус улсын хорт хийн ялгаруулалтыг 0,8 хувиар буюу жилд 6 сая гаруй тонноор бууруулж, хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчинд төлөх зардлыг жилд 60 доллараар хэмнэх юм байна.
 
Санал: Өнөөгийн бидний хэрэглэж буй чийдэн нэгэнт үеэ өнгөрөөж, гэрэлтүүлгийн үр ашигтай, шинэ дэвшилтэт хэлбэрүүд түргэн нэвтэрч байгааг харгалзан энэ чиглэлд судалгаа, тооцоо хийн хэрэгжүүлэх ажлыг эхлүүлмээр байна. 
 
Хог хаягдлаа хэрхэн зайлуулдаг талаар
 
Хог хаягдлаа зайлуулах ажлыг сайн зохион байгуулдаг тул Оттава хот цэвэр цэмцгэр байдлаараа өнгөрсөн жил дэлхийд гуравдугаарт оржээ.
 
- Оттава хот хуурай хог хаягдлаа зайлуулах оновчтой тогтолцоог хэрэгжүүлж байна. Өрх бүрт, ялангуяа хувийн тусдаа орон сууцтай бол саарал, хар, хөх өнгийн 3 төрлийн хогийн савыг хотын захиргаа болон хог зайлуулах компаниас өгнө. Саарал өнгөтэйд нь хуурай хог, хард нь цаас, цаасны төрлийн зүйлс, хөх өнгөтэйд нь хуванцар сав, баглаа боодлыг хийнэ. Долоо хоногийн тодорхой өдөр хуваарийн дагуу айлууд хогоо гарган тогтоосон цэгт тавьж, түүнийг нь өөр өөр машин ирж цуглуулан авч явдаг.
 
- 6 жил судалгаа, туршилт хийсний эцэст газрыг ихээхэн бохирдуулж буй хоолны хаягдал, навч зэрэг органик хог хаягдал хийх 250 мянган ширхэг ногоон өнгийн савыг Оттавагийн байр сууцны ойролцоо 2008 оноос байрлуулахаар болж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 25 сая долларын зардал гарах бөгөөд зарим хэсгийг нь зээлээр санхүүжүүлэх ажээ. Мөн архи, пивоны шилийг хогийн саванд хаялгүй, дэлгүүрт нь буцаан тушааж байх, тухайн хүнд хэрэгцээгүй болсон ч бусдад хэрэглэж болохоор зүйлсийг хийх тусгай сав байрлуулахаар төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан мужийн зарим хууль, журамд ч өөрчлөлт орох юм байна.
 
- Оттава хотод хог хаягдлын зарим хэсгийг хотын захиргаа хариуцан тус хотын хогийн 5 цэгийн нэгд нь тушаах туршилт явуулсан нь нааштай үр дүнд хүрсэн байна. Тухайлбал, нэг тонн хогийг хувийн компани 86,60 доллараар зайлуулдаг бол хот 75,72 доллараар энэ ажлыг хийсэн байна. Сүүлийн 7 жилд хог цуглуулах, зайлуулах ажлаас хот 2,2 сая доллар хэмнэсэн ба энэхүү хэмнэлтээсээ 736 мянган долларыг дээр дурдсан ногоон савны төсөл хэрэгжүүлэхэд зарцуулсан байна. 
 
Санал: Хотоо хоггүй, цэвэр байлгая гэвэл хогийн төрөл бүрийн савыг энд тэнд олноор нь байрлуулмаар байна. Үүнд шаардагдах хөрөнгө мөнгө нь хур хогоо арилгах, байсхийгээд л явагддаг хог хаягдлаас ангижрах арга хэмжээнүүдэд зарцуулах мөнгөнөөс бага, үр дүн нь илүү байх болов уу.  
 
Гудамжны цас арилгах талаар
 
Улаанбаатар, Оттава хотууд дэлхийн хамгийн хүйтэн нийслэлүүдэд тооцогддог билээ. Канадад цас их ордог, хурдан малтаж цэвэрлэхгүй бол заримдаа айлын хаалга үүд дарах, зам бөглөх аюултай байдаг. Иймд цас орсны дараа том, жижиг олон төрлийн автомашин гудамж, замын цасыг шуурхай түрж, давс цацан байнга хуурай байлгадагаас халтиргаа, гулгаа үүсэх нь ховор. Харин явган хүний зам дээр “мөсөн бороо” орж шил шиг гялгар бүрхүүл тогтож хүндрэл учруулах, модон дээр мөн мөсөн бүрхүүл тогтож, зарим мөчир даахгүй хугарах тал хааяа гарна. Иймд айл өрхүүд мод, бут сөөгөө өвөл нь таараар ороож байна.
 
Санал: Гудамж, замын цас арилгах Канадын туршлагыг манай хотын захиргаа судалж хэрэгжүүлбэл тустай мэт санагдана.
 
Зай /батарей/ нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг.
 
Канадын хүрээлэн буй орчны судлаачдын үзэж байгаагаар хэрэглэгчид хэрэглэсэн зайныхаа зөвхөн 2 хувийг л эргэж ашигладаг бөгөөд жил бүр хүнд металлын агуулга бүхий олон мянган тонн зай газрын хөрсөнд шингэж ундны усыг бохирдуулдаг байна. 2010 он гэхэд Канадад 495 сая цэнэглэгддэг болон цэнэглэгддэггүй зай хаягдах ба тэдгээр нь 747 тн. хар тугалга, 0,5 тн меркурий, 287 тн. никель, 543 тн. цайр, 3501 тн. марганец агуулах юм. Иймд зайн эдэлгээний хугацааг уртасгах, дахин хэрэглэлтийг сайжруулах зэрэг арга хэмжээ авах гэж байна. Меркурийн агуулгатай зайг зах зээлээс халах талаар АНУ-д гаргасан журмыг Канадад мөн сайнаар нөлөөлнө гэж үзэж байна.  
 
Канадчууд тоглоомонд 15 тэрбум доллараа алджээ
 
Канадын Тоглоомын холбооноос саяхан хийсэн судалгаагаар өнгөрсөн онд тус улс тоглоомын салбараас /автомат тоглоомын машин, бинго, лотерей, сугалаа г.м./ 15,0 тэрбум доллар, түүний дотор тоглоомонд хамааралгүй, идэж уух зэргээс 700 сая долларын орлого олсон байна. Түүнээс гадна элдэв төрлийн комисс хураамжид 10,6 тэрбум доллар цугларсны 7,4 тэрбум нь мужуудын дансанд орж, 3,2 тэрбум нь хандив, хүмүүнлэгийн ажиллагаанд зарцуулагдсан тооцоо гарчээ. Гэхдээ судалгааг гол төлөв эерэг талаас нь хийсэн, тухайлбал, мөнгөө алдсанаас болж дампуурсан, амиа хорлосон, ажилгүй болсон, сэтгэл санааны хямралд орсон зэрэг элдэв төрлийн тоглоомны нийгмийн хор уршиг, тэдгээрийг арилгахад гарсан асар их зардлыг тооцоогүй хэмээн ажиглагчид шүүмжилж байна. Харин Тоглоомын холбооны ерөнхийлөгч Билл Рутси тоглоом нь эдийн засгийн үр ашигтай төдийгүй кино үзэх, спортоор хичээллэх зэрэгтэй адил хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлэх нэг хэлбэр гэж зөвтгөж байгаа юм.
 
Санал: Дээрх хоёр асуудлаар манайх нарийвчилсан судалгаа, тооцоо хийсний үндсэн дээр хэрхэхээ шийдвэрлэж байх хэрэгтэй болов уу.
 
Амьтны өөх тосоор дизелийн түлш үйлдвэрлэнэ
 
Нефтийн КонокоФилипс, хүнсний Тайсон компаниуд саяхан сэргээгдэх дизелийн түлш үйлдвэрлэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулав. Уг хэлэлцээрийн дагуу Техаст байрлах Тайсон компани үхэр, гахай, шувууны өөх тосыг ойролцоох КонокоФилипсийн нэрэх үйлдвэрт дизель түлш үйлдвэрлэхэд нь зориулж нийлүүлэх юм байна. Нийтэд илүү танил болсон биодизелийг тусгай үйлдвэрт гол төлөв ургамалын тос хэрэглэж, нарийн ажиллагаа шаардан үйлдвэрлэдэг бол малын өөх тосыг одоо ажиллаж буй үйлдвэрт нь түүхий нефтийг дизелийн түлш болгохтой ойролцоо химийн аргаар боловсруулан дизель үйлдвэрлэж болохоороо давуу талтай юм байна. Тайсон компани жилд барагцаагаар нэг тэрбум литр үхэр, гахай, шувууны өөх тос үйлдвэрлэдэгийн 58 хувийг дээрх чиглэлд зориулах юм байна. 160 литр нэг баррелийн сэргээгдэх дизелийн түлш үйлдвэрлэхэд амьтны нэг баррель /2 үхэр, 16 гахай, 1300 шувуунаас гарах/ өөх тос шаардагдах ажээ.  
 
Санал: Малынхаа өөх тосыг дээрх чиглэлээр ажилладаг үйлдвэрүүдэд нийлүүлэх, эсвэл дотооддоо дизелийн түлш үйлдвэрлэх асуудлыг судалж болох юм.
 
Канадын моргейж, орон сууцны Корпорац /КМОУК/-ийн талаар
 
КМОУК нь өнгөрсөн онд байгуулагдсаныхаа 60 жилийн ойг тэмдэглэв. Орон сууцтай холбогдол бүхий хууль, журмуудыг нэгтгэн цэгцэлж орон сууцны хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд мөрдөх, түүнд холбооны засгийн газар тэргүүлэх үүрэг гүйцэтгэх талаарх “Орон сууцны тухай хууль”-ийг 1944 онд батласнаар энэхүү корпорацыг байгуулах шаардлагатай болжээ. Анх байгуулагдахдаа уг Корпорац дайны дараах орон сууцаар дутмаг байдлыг арилгах гол зорилготой байсан бол эдүгээ үйл ажиллагаа нь хувийн шугамаар орон сууцтай болоход хүндрэл, бэрхшээлтэй иргэдэд санхүүжилтийн боломжийг сонгоход нь туслах, барилгын стандарт, дүрмийг сайжруулах, бодлого боловсруулагчдыг мэдээлэл, судалгаагаар хангахад чиглэсэн Канадын үндэсний гол байгууллага болон өргөжин бэхжээд байна. Корпорац 1946 онд байгуулагдахдаа нийт 25 сая долларын хөрөнгөтэй /тэр үеийн ханшаар энэ нь багагүй мөнгө юм/, ашгаас оруулсан 5 сая долларын хуримтлалын сантай байсан бөгөөд энэ шаардлага, бүтэц нь одоо ч өөрчлөгдөөгүй хэвээр байна. Корпорац нь бага орлоготой болон нийгмийн эмзэг бүлгийнхнийг орон сууцтай болгох, нөхцлийг нь сайжруулахад жил бүр ойролцоогоор 2 тэрбум долларын тусламж, дэмжлэг үзүүлдэг байна.
 
Санал: Нэгэн жарны түүхтэй энэхүү байгууллагатай ажил төрлийн нягт харилцаа тогтоож, туршлагыг нь судлах, нэвтрүүлэх хэрэгтэй байна. Энэ зорилгоор манай БХБЯ-наас тус Корпорацын Ерөнхийлөгчийг Монголд айлчлахыг урьсан бөгөөд канадын тал бидэнтэй туршлагаасаа хуваалцахад бэлэн байна .  
 
                                                  ЭЛЧИН САЙДЫН ЯАМ