МОНГОЛ, КАНАДЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАР УТСААР ЯРИВ

Канадын Парламентийн Нийтийн Танхимийн гишүүн, Гадаад хэргийн сайд Лоренс Кэннон УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд С.Батболдтой 11 дүгээр сарын 12-нд утсаар ярьж, Канад, Монголын  хамтын ажиллагааны талаар санал солилцов.  
 
Сайд С.Батболд Канадын Гадаад хэргийн сайдын албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулж ноён Лоренс Кэннон-д баяр хүргээд Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, Канад Улс Улаанбаатар хотноо 2008 онд өөрийн төлөөлөгчийн газраа нээж, суурин суух Элчин сайдаа томилон ажиллуулж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.   
 
Канадын Гадаад хэргийн сайд Л.Кэннон 2010 онд болох НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Байнгын бус гишүүний сонгуульд Монгол Улс дэмжлэг үзүүлэх болсонд талархаад ирэх жил болох НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн сонгуульд Монгол Улсыг дэмжихээ илэрхийлэв. Мөн талууд НҮБ-ын хүрээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаа талаар ярилцав.
 
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой 2008 онд тохиож байгааг хоёр сайд онцлоод цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.