ВАНКУВЕРИЙН МОНГОЛЧУУДТАЙ УУЛЗАВ

Мөн үеэр Элчин сайд Ванкувер хотноо аж төрж буй Монгол иргэдтэй уулзаж ярилцан, санал хүсэлтийг нь сонсов. Манай иргэд эзэмшсэн мэргэжил, дадлага туршлагадаа тулгуурлан дор бүрнээ эрхэлсэн ажилдаа шамдан, амьдрал ахуйгаа төвхнүүлэн ажиллаж байгаа юм байна. Тэдний хувьд Монголоос ах дүү, садан төрлөө урих ялангуяа өндөр настай эцэг эхээ Канад орныг үзүүлэх, ач, зээтэй нь уулзуулах зорилгоор урьж авчрахад визийн хүндрэл гарч байгааг ярьж, энэ байдлыг харгалзан үзэхийг канадын талд ойлгуулж өгөхийг Элчин сайдаас тусгайлан хүсч байв. Манай иргэд 2010 оны Ванкуверийн Өвлийн олимпод оролцох өөрийн орны баг тамирчдад дэмжлэг үзүүлэх хүсэл сонирхолтой байгаагаа мөн илэрхийлж байлаа.
 
Элчин сайд уулзалтын үеэр яригдсан асуудлуудыг  нааштайгаар шийдэхэд ЭСЯ-ны зүгээс анхаарч ажиллахаа илэрхийлж, өөрийн иргэдээ бүрэн бичиг баримттай байх, бүртгэлтэй байх, шинээр төрсөн хүүхдүүд-дээ гэрчилгээ авах зэрэг бүрт-гэлтэй холбоотой ажлыг журмын дагуу сайтар хийл-гэж байхыг зөвлөж, тавьсан асуултад хариулав. Элчин сайд иргэдэд Монгол-Канадын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар танилцуулж, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүү-лэхэд гар бие оролцон, ЭСЯ-тай хамтран ажиллахыг уриаллаа. Иргэд уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийлж, ойрын үед Монгол иргэдийн холбоо байгуулж ажиллах талаар ярив. Уулзалтад 70 шахам Монгол иргэд оролцов.
 
Элчин сайд Д.Готов 2008 оны 11 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Канадын Ванкувер хотноо болсон“Орчин цагийн Монгол Улс: Шилжилт, хөгжил, нийгмийн өөрчлөлтүүд” сэдэвт олон улсын бага хуралд ЭСЯ-ны Зөвлөх Д.Гансүхийн хамт оролцсон юм. Элчин сайдыг Канадын Бритиш Колумби муж дахь Өргөмжит консул Т.Роббинс дагалдан ажиллалаа.
 
-оОо-