ОТТАВАД ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ 35 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮЛЭЭН АВАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 
Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Д.Готов Монгол-Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой болон Бүгд Найрамдах Улс тунхагласны 84 жилийн ойг тохиолдуулан 2008 оны 11 дүгээр сарын 26-нд Оттава хотын Шератон зочид буудалд хүлээн авалт зохион байгуулав.
 
Элчин сайд хүлээн авалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол-Канадын хамтын ажиллагааны өнөөгийн байдалд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, цаашид хоёр орны хооронд “Өргөн хүрээтэй түншийн” түвшинд хамтран ажиллах боломж бололцоо ихээхэн байгааг онцолж дурдав. Мөн тэрбээр Монгол Улс 1924 оны энэ өдөр анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс болсныг тэмдэглэв.  
 
Хүлээн авалтад Канадын парламентын Нийтийн Танхимын Спикер Питер Милликен, Гадаад хэрэг, олон улсын худалдааны Департаментын Ази, Африкийн бүс нутгийн хариуцсан Туслах дэд сайд Кен Санкүист болон албаны бусад хүн, Канад-Монголын Найрамдлын бүлгийн дарга Сенатч Ж.Дей тэргүүтэй Сенат, Парламентын төлөөлөгчид, Оттава дахь АНД-н орнуудын зарим Элчин сайд, дипломат ажилтнууд, Монголтой хамтран ажилладаг Канадын байгууллагуудын 80 шахам төлөөлөгч оролцов.
 
Хүлээн авалтын үеэр улс орны соёл, ахуйг харуулсан жижиг хэмжээний гэрэл зургийн үзэсгэлэн гаргасныг оролцогчид сонирхон үзлээ.
 
 
-оОо-