МОНГОЛ, КАНАДЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАР ИЛГЭЭЛТ СОЛИЛЦОВ

Монгол-Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд С.Батболд, Канадын Гадаад хэргийн сайд Лоренс Каннон нар илгээлт солилцов.
 
Сайд С.Батболд захидалдаа, хоёр орны харилцаа 1990-ээд оноос хойш идэвхтэй хөгжиж ирснийг дурдаад эдүгээ өргөн хүрээтэй түншлэлийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа урагшилж байгаад сэтгэл ханамжтай байна гэж тэмдэглэжээ.Тэрбээр цааш нь манай хоёр орны найрсаг харилцаа олон улсын харилцааны хэм хэмжээний дагуу улам хөгжин бэхжинэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлжээ.
 
Канадын Гадаад хэргийн сайд Лоренс Каннон мэдэгдэлдээ, “Канад-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ өдрүүдэд болж байна. Нийтлэг үнэт зүйлс, сонирхлын бат суурин дээр бэхжиж ирсэн манай хоёр орны харилцаа тэртээ 1973 оноос эхтэй билээ. Энэ харилцаа эдүгээ ч өргөжин тэлж байна. 
 
Цаг агаар, нутаг орон, байгалийн баялаг гэх мэт ижил төстэй байдлаас гадна бидэнд ардчилсан тогтолцоо, хууль ёсыг сахисан эрх чөлөөтэй, нээлттэй, хүлээцтэй   нийгмийн үнэ цэнийг эрхэмлэсэн ёсон байдаг юм. Манай хоёр оронд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллах, Афганистаны армийг бэхжүүлэхэд туслах, явган цэрэг эсэргүүцэх Оттавагийн конвенцийг хэрэгжүүлэх зорилгоо биелүүлэх гээд нийтлэг зорилт олон байна.
 
Ашигт малтмал, эрчим хүчний арвин их нөөцөө ашиглах боломж эрэлхийлж буй энэ үед нь Канад Улс Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлж байна. Монгол Улсад 500 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн Канадын хувийн хэвшлийнхэн тус улс дахь хоёр дахь том хөрөнгө оруулагч болж байна. Канадын аж ахуйн нэгжүүд Монгол Улсын олборлох салбарыг хөгжүүлэхэд хүрээлэн буй орчны менежментийн олон улс дахь шалгарсан туршлагыг мөрдөх, олон нийтийг татан оролцуулах,ядуурлыг бууруулахад чухал түншүүд болж чадах юм. 
 
Канадын анхны суурин суух Элчин сайд Анна Биолик өнгөрсөн 9 дүгээр сард ажилдаа орсон нь Канадын зүгээс бүс нутаг дахь гол түнш Монгол Улстай харилцаагаа урагшлуулах манай эрмэлзлийн илрэл юм. Би Монгол Улсын Гадаад харилцааны сайдтай хамтран ажиллаж, хамтын ажиллагааны шинэ салбар чиглэлийг нээх, харилцааны өргөн боломжийг ашиглахын төлөө байна” гэжээ.
 
Канад Улс Монгол оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт шинэчлэлийг тууштай дэмжиж ирсэн орнуудын нэг юм. Манай хоёр орон 1973 оны 11 дүгээр сарын 30-нд дипломат харилцаа тогтоосон.
 
-oOo-