2008 ОНД МОНГОЛ-КАНАДЫН ХАРИЛЦААНД БОЛСОН ОНЦЛОГ ҮЙЛ ЯВДЛУУД

  • Монгол-Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиов. Манай хоёр орон 1973 оны 11 дүгээр сарын 30-нд дипломат харилцаа тогтоосон.  35 жилийн ойг тохиолдуулан манай Гадаад харилцааны сайдаас Канадын Гадаад хэргийн сайдад илгээлт ирүүлэв. Канадын Гадаад хэргийн сайд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдэгдэл хийв.   
  • Канадын тал Улаанбаатар хотноо Төлөөлөгчийн газраа нээж, улмаар Элчин сайдаа томилов. Канад Улсаас Монголд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хатагтай Анна Биолик 2008 оны 9 дүгээр сарын 2-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт Итгэмжлэх Жуух бичгээ барив. Тэрбээр манай улсад Канадаас суурин сууж буй анхны Элчин сайд юм.
  • Канадын Олон улсын худалдааны сайд Д.Эмерсон, Канадын Гадаад хэрэг, олон улсын худалдааны Департаментын Стратеги, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн Туслах дэд сайд Эндрю Фаган нар Монгол Улсад тус тус айлчлав.
  • Канадын тал Ардчиллын төлөөх Ази, Номхон далайн түншлэл (Asia-Pacific Democratic Partnership) санаачлагын хүрээнд манай улсын парламентын сонгуулийг ажиглахад оролцов.
  • 11 дүгээр сарын 14-17-нд Ванкувер хотноо “Орчин цагийн Монгол Улс: Шилжилт, хөгжил, нийгмийн өөрчлөлтүүд” сэдэвт олон улсын бага хурал болов. 2008 оны 4 дүгээр сарын 16-18-д Калгари хотноо Хойд Америк-Монголын Бизнесийн зөвлөлийн жилийн уулзалт болов.
  • Канадад албан ажлаар ирсэн Улаанбаатар хотын Засаг даргын орлогч Б.Баатарзориг нарын төлөөлөгчид Оттава хотын дарга Ларри Обрайнтай уулзаж, хоёр хотын хооронд харилцаа тогтоох асуудлаар санал солилцов.
  • Канадын цэргийн сургалтын хөтөлбөрийн шугамаар энэ санхүүгийн жилд манай 20 гаруй цэргийн албан хаагч англи хэлний сургалтад, 1 ахлах тушаалын офицер 10 сарын мэргэжлийн сургалтад хамрагдав. Вашингтон дахь ЭСЯ-наас Канадыг хавсран суух Батлан хамгаалахын атташе Хурандаа Д.Баярсайхан Итгэмжлэлээ авав.
  • ҮХЯ, АМГТХЭГ, ЭСЯ-ны төлөөлөгчид Торонто хотноо 3 дугаар сарын 2-5-нд болсон Дэлхийн уул уурхайн жилийн чуулга уулзалтад оролцов. Чуулга уулзалтын үеэр ЭСЯ канадын талтай хамтран уул уурхай, ашигт малтмалын сэдвээр дугуй ширээний ярилцлага зохион байгуулав.
  • Канадын Гадаад хэрэг, олон улсын худалдааны департаментаас зохион байгуулсан уул уурхайн салбарын туршлага судлах аялалд ҮХЯ, АМГТХЭГ-ын төлөөлөгчид оролцож, Оттава, Торонто хотууд болон Саскатчеван мужид ажиллав. 
  • Манай ТЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид “Буцах газардуулгатай нэг фазын цахилгаан дамжуулах шугам”-ыг үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлсэн Канадын туршлагыг судалж, Саскатчеван мужид 6 дугаар сарын 23-25-нд ажиллалаа. 
  • Манай НХХЯ, СЯ-ны төлөөлөгчид Канадын нийгмийн хамгаалал, тэтгэврийн тогтолцоог судлахаар ирэв.
  • Эрдэнэт, Калгари хотуудын хооронд харилцаа тогтоох асуудлаар ярилцав.
  • Элчин сайд Ванкувер хотноо Бритиш Колумби мужийн Дээд боловсролын Сайд ноён Мурей Коуэл, Бритиш Колумби, Симон Фрейзерийн Их сургуулийн дэргэдэх Бизнесийн сургуулиудын Тэнхимийн эрхлэгч нартай уулзаж, хоёр орны их, дээд сургуулиудын хооронд хэлхээ холбоо тогтоох, эдгээр сургуулийн салбар, зарим хөтөлбөрийг Монголд бий болгох, оюутан солилцох зэрэг асуудлыг тавьж, хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.
  • Элчин сайд Канадын Гадаад хэрэг, олон улсын Департаментаас зохион байгуулсан Хойд нутагтай танилцуулах аялалд оролцов.
  • Канадын уугуул иргэдийн төлөөлөгчид, бүжигчид, хөгжимчид тус бүр Монгол зочилж, тоглов. Торонто хотын Хатан хааны музей зарим үзмэрээ  Монголд үзүүлэв. 
  • Оттавад болсон аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт монгол гэр барьж оролцсон Канадын компанитай хамтран гар урлалын бүтээгдэхүүн, нүүдэлчдийн амьдрал, уламжлал, ёс заншлын талаар сурталчилгааны материал бэлтгэж тавив.
  • ЭСЯ-наас Калгари, Саскатүүн, Ванкувер хотууд дахь Монгол иргэдтэй уулзалт зохион байгуулав. Тайлангийн хугацаанд Канадын 1000 гаруй иргэн Монголд зорчив.
  • Монгол Улсын аюулгүй байдлын асуудлаар ном туурвисан Канадын иргэн, Викториягийн Их сургуулийн профессор Р.Бедекси “Найрамдал” медалиар шагнуулж, МУИС-ийн Хүндэт доктор болов.
  • ЭСЯ-нд Худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн Хоёрдугаар нарийн бичгийн дарга Л.Энхболд, Консул, соёл, боловсролын асуудал эрхэлсэн Хоёрдугаар нарийн бичгийн дарга Г.Амартүвшин нар шинээр томилогдон ирж үүрэгт ажилдаа орлоо.
  • Оттава дахь ЭСЯ-наас Чили, Бразил, Аргентин улсуудыг хавсран ажиллах болов.
 
-оОо-