КАНАДЫН САЙН САНААНЫ ЭЛЧҮҮД МОНГОЛД ОЧНО


Элчин сайд Д.Готов Канадын Лондон хотноо болсон “Монгол ралли-2009” автомашины аялалд оролцох эцэг, хүү Кен болон Кален Баун нарын “Канголиа” багийн сурталчилгааны арга хэмжээнд оролцлоо. Элчин сайд Монгол-Канадын хамтын ажиллагааны өнөөгийн байдлаар товч танилцуулж, энэхүү аялал нь Монголд Канадыг, Канадад Монгол орныг сурталчлах, хоёр орны ард иргэд бие биеэ гүнзгий танин мэдэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Элчин сайд уг арга хэмжээний үеэр Лондон хотын Захирагчтай уулзаж ярилцав.    
“Дэлхийн хамгийн адал явдалт аялал” хэмээн нэрлэгддэг Монгол ралли Английн Лондон хотоос ирэх 7 дугаар сард гараагаа эхэлж сар гаруй хугацаанд Европ, Азийн 16 орноор 16000 км замыг туулж Улаанбаатар хотноо өндөрлөнө. Монгол ралли Англи, Франц, Щвейцарь, Чех, Словак, Унгар, Серби, Болгар, Турк, Иран, Туркмен, Узбек, Киргиз, Казах, Орос, Монголын нутгаар явна.     
Эл аялалд Канадаас оролцох эцэг, хүү хоёр “Медикрузер” хэмээх явуулын эмнэлэгийн үйлчилгээ бүхий автомашинаар явах аж. Аялал өндөрлөмөгц машинаа манай эмнэлэгийн аль нэг байгууллагад тоног төхөөрөмжийн хамт хандивлах юм байна.  Дэлхийн хүн ардын эрүүл мэндийг хамгаалах, олон улсын худалдааг өргөжүүлэх, соёл боловсролыг таниулах сайн санааны элчээр явах юм гэж тэд аялалын зорилгоо тодорхойлжээ.  
Хүү Кален Баун энэ жил Их сургуулийн оюутан болж байгаа, Кен Баун Канадын хувийн хэвшлийн холбоонд менежерийн ажилтай юм байна. Харин багийн нэр “Канголиа” нь Канад, Монгол нэрүүдийн үеийн нийлбэр аж.   
Дэлгэрэнгүй мэдээллийг www.teamcangolia.com вэб сайтаас үзэж болно.